Saturday, August 31, 2013

“БАЯН НАМСРАЙ” бурхан түүний тухай


Намсрай бурхан нь эрт цагт санд нуусан их хэмжээлшгүй их эрдэнэс баялагыг олж түүндээ эзэн сууснаар эд баялагын эзэн  бурхан хэмээх алдарыг хүртсэн гэх бөгөөд “Тийн сонголт нэрт ягчис 999 хүүтэйгээс хамгийн бага хүү нь Намсрай гэх бөгөөд Бурханы шашиныг сахин хамгаалах сахиус болохоор тангаргалсан ” гэх домог ч байдаг.
Баян Намсрай бурхан нь хинду болон бурханы шашинд хоёуланд нь адилхан эд баялагын эзэн хэмээн шүтэгддэг байна. Түүний дүр байдал нь, биеийн өнгө алтнаас илүү үзсэглэнтэй шар, нэг тэргүүнтэй хоёр мутартай байхаас: баруун мутартаа эрдэнийн дуаз (жанцан) барьсан, зүүн мутартаа элдэв эрдэнээр бөөлжсөн үхэр огтоно барьсан, хэвтсэн дүртэй арслангийн дээр хагас завилгаагаар оршино. Намсрай бурханы амнаас эрдэнийн хур бууж өлссөн, цангасан, хоосорсон, амьтан бүгдийг зовлонгоос нь гэтэлгэсэн, үсээ эрдэнийн зүйлээр чимсэн, борогшү малгай өмссөн, биеэ янз бүрийн эрдэнийн зүйлээр ярайлган чимсэн, тэргүүнийхээ баруун, зүүн талыг нар сараар чимсэн, буман нарны үзсэглэнтэй, ихээхэн сэтгэл хангалуун, хийморлиг сүр жавхаатай ажээ. Шарын шашны ёсоор Намсрай нь:
1.      Очирваань ядамын зарилгыг биелүүлэгч арван хангалын нэг чойжин сахиус
2.      Найм дахь газрын бодисадвагийн хувилгааны дүрээр амьтны тусыг бүтээгч
3.      Шарын шашны гурван төрлөхтний нэгийг хамгаалагч
4.      Бурханы шашныг дааж ертөнцийн дөрвөн зүгийг хариуцсан их хаадын нэг юм
Ягчисын хаан гэж гардаг нь түүнийг хааны язгуурт өндөр төрөлтэйг харуулдаг.  Намсрай нь өөрт нь хүсэлт тавьж, тахин шүтэгч хэн бүхэнд өөрсдийнх нь хүссэн бүх эд зүйлсыг соёрхдог тул түүний үр шимийг хүртэх сүсэгтэн олны сүсэг бишрэлээр Төвөд, Монгол зэрэг оронд өргөн дэлгэр шүтэгджээ. Мөн Балба, Бутан, Сикким, одоо Энэтхэгийн харъяаны Ладака зэрэг Төвөдийн шашины уламжлал өргөн дэлгэрсэн нутаг орнуудад төдийгүй Хятад, Япон, Солонгос гэх зэрэг их хөлгөний уламжлал түгсэн орнуудад ч гэсэн эрт үед түгээмэл дэлгэрсэн ба эдүгээ цагт ч шүтэгдсээр байгаа юм. Монгол орны хувьд Очирваань бурхан нь монголчууд нийтийн эзэн шүтээн мөн бөгөөд Чингис хааныг тус бурханы хувилгаан хэмээн үздэг. Эзэн Чингис эхээс төрөхдөө баруун гартаа нөж атгасан нь Очирваань бурхан баруун гартаа очир барьсантай дүйцүүлэн үздэг байна. Учир иймд Намсрай бурхан нь эзэн ядам болох Очирваань бурхан хаана залрана түүнийг дагаж зарилгийг биелүүлэн оршдог тул умар зүгийн Монгол орон нь Намсрай бурханы хувь язгуурт орон мөн билээ.     

No comments:

Post a Comment