Maharaja буюу Дөрвөн Их Хаан Сахиусын талаар
Ихэнх Буддын шашны сүм хийдүүдэд Манхранзын сүм гэж тусдаа байдаг эсвэл дөрвөн махранзын дүр зургийг үүд талдаа залдаг уламжлалтай байдаг ажээ. Буддын шашныг сахин хамгаална хэмээн Бурхан Буддад ам өгсөн Дөрвөн Махранз буюу Дөрвөн Их Хаан сахиусан нарыг сүм хийдэд залан тахиснаар гадаад дотоодын саад тотгорыг арилгаж, хорт дайснаас хамгаалагдах учиртай ажээ.
Махранз гэдэг нь Махаража гэдэг сансрик нэрийн Монгол дуудлага агаад Маха гэдэг Их, Ража гэдэг нь Хаан гэсэн утгатай ажээ. Нийт дөрвөн Их Хаан байдгаас эхний сахиусан Махранзыг Юлхорсүрэн, санскритаар Дритараштра гэх ба ертөнцийн зүүн зүгийг сахин хамгаалагч, Гандаарва нар буюу үнэрээр хооллогчдыг захирагч хаан сахиус гэдэг ажээ. Юлхорсүрэн нь хуяг дуулга өмссөн догшин баатрын дүртэй, цагаан лагшинтай, мутартаа бива хуур барин орчлонгийн амьтанд хорт дуугаа үл сонсгохын учир бива хуур дарж буй хэмээдэг.
Дараагийн хааныг Хутагтын хүү Пагжийбуу санскритаар Вирудака гэх ба ертөнцийн өмнө зүгийг сахин хамгаалагч, аварга биет чөтгөрүүд буюу мангас кумбака нарыг захирагч хаан сахиус юм.Пагжийбуу нь хуяг дуулга өмссөн, бараан хөх лагшинтай, илд далайн уурлан хилэгнэсэн догшин дүрийг үзүүлсэн байдгийн учир нь түүний бие нь хортой учраас аливаа амьтныг биедээ үл хүргэхийн учир хэмээжээ.
Гутгаар хааныг Хортны хорыг дарагч Жамийсан санскритаар Вирупакша гэх ба ертөнцийн баруун зүгийг хамгаалагч, лус савдаг нарыг захирагч хаан сахиус юм. Жамийсан нь хуяг дуулга өмссөн, улаан лагшинтай, баруун мутартаа алтан суврага, зүүн мутартаа лусын могой барьжээ. Нүдэндээ хортой тул амьтныг өөрийг нь харахаас нь урьтаж алтан суврагаа харуулах гэж дээр өргөсөн хэмээдэг.
Дөтгөөр хааныг Намсрай, санскритаар Кувэра гэх ба ертөнцийн хойт зүгийг сахин хамгаалагч эд баялгийн Бисман тэнгэр, ягчис буюу өвчин эмгэг авчрагч амьтдыг захирагч хаан сахиус гэдэг. Намсрай буюу Бисман тэнгэр нь алтан шаргал лагшинтай, баруун мутартаа ялан дийлэхийн билэгдэл болсон хиур туг, зүүндээ эрдэнээр бөөлжигч хулгана барин, амаа жимийсэн дүрээр оршдог. Түүний амьсгал нь хортой тул амаа ангайхгүй жимийдэг аж.
No comments:
Post a Comment